2010/04/17

Эх орноо хайрлах нь эцэг эхээ хайрлахаас улбаатай...

Би гэгч энэ хорвоод хүмүүний алтан төрлийг олж мэндлэхдээ эхийн хайр энэрэл шингэсэн ангир уургийг амталхаас урьтаж эх орныхоо ариун тунгалаг агаараар нь хамгийн түрүүнд ундаалсийм...Бага балчир наснаас өдий хүртэл ээж минь намайг хайр энхрийлэл дунд хүний дайтай хүн болгон хүмүүжүүлжээ...Хүн бүр л арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн ээждээ хайртай байдаг шиг эх орондоо ч мөн хайртай байдаг. Учир нь эхийн цагаан сүү, эх нутгийн агаар ус хоёроор өв тэгш ундаалж хүний зэрэгт хүрсэн болохоор тэр байх гэж боддог...Эх орноо хайрлахыг би зөвхөн Эх орондоо хайртай гэж хоосон ярихаас арай өөрөөр ойлгодог. Унасан газар угаасан усандаа эзэн шиг эзэн нь байж ширхэг чулуу, атга шороо, дов толгод, уул ус, урсах гол мөрөн, ундаалах рашаан булаг, ан амьтан бүгдийг нь хайрлан хамгаалахаас эхэлдэг байх гэж ойлгодог.

Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол

Эх орноо хайрлах нь юу л бол

гэж Очирбатын Дашбалбар агсан эцэг эхээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр хоёрыг энгийн үгээр гайхалтай сайхан зүйрлэн бичсэн байдаг билээ. Энэ бүхнээс ингээд харахад эх орноо хайрлах хайр нь яахын аргагүй эцэг эхээ хайрлах хайраас улбаатай гэдэг нь харагдаж байгаа юм.

Бага байхдаа ээжээсээ хэсэгхэн хугацаагаар холдоход л ээжийгээ үнэхээр их санадаг байж билээ. Одоо бодоход ээждээ ямар их хайртай яг тэр чинээгээрээ их санадаг байждээ...Харин сүүлд том болсон хойноо эрдмийн мөр хөөж нутгаасаа гараад эх орноо үнэхээр их санаж байснаа, хүний нутгаас эх орноо үнэхээр их хайрлаж байснаа тодхон санаж байна...Тэр л үед би эх орондоо ямар их хайртайгаа харь хол хүний нутагт байхдаа л хамгийн ихээр яс махандаа шингэтэл ойлгосон юм...Санана гэдгийг би хайрын илрэл гэдгийг тэгэхэд ухаарсан юм...

Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм гэсэн нэрт зохиолчийн агуу үгийг ХҮН БҮР СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ САНАЖ ЯВАГ...

2010/04/16

Тэр...

Тэр...Тэр намайг анх энэ орчлонд мэндэлснээс хойш надтай үргэлж хамт байж миний дэргэдээс алхам ч холдоогүй. Тэр миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг. Тэрэнд би хайртай...Тэр бол миний амьдралын хамгийн үнэтэй, юугаар ч сольшгүй, юугаар ч орлуулашгүй, юутай ч зүйрлүүлэшгүй энэ л биений минь хэсэг, эд эс, лугших судас, урсах цус, ундаалах ус, цээж дүүрэн амьсгалах агаар, бахархах бахархал, шүтэх шүтээн, амьдрах гэр, алдар нэр, дэлхий хаана ч явсан овоглох овог, омогших омог минь билээ. Тэр байхгүй бол би байхгүй, тэрэнгүйгээр би хэн ч биш. Тэр миний амьдралын бүх л зовлон жаргал, баяр гуниг, эрээн бараан, хатуу бэрх гээд амьдралын минь туршид хамт байсан, одоо ч байгаа, цаашид өнгөрүүлэх амьдралд минь ч хамт байна.
Тэр минь маш үзэсгэлэнтэй бас хэмжээлшгүй баян чинээлэг нэгэн...Тэрнийг минь дэндүү их баян чинээлэг гэдгийг нь хүн болгон мэддэг учир ашиг хонжоо хайсан дэвэн дэлхийн доншууч, тэнүүлч тонуулч, хулгайч нар болсон олз омог эрэлхийлэгчид ер тайван байлгахгүй зогсоо зайгүй эд хөрөнгөнөөс нь хумсалж авсаар байгаа. Авахдаа бас гуйж авдаг нэгэн байхад гуядаж авдаг, бүр хулгайлж авдаг хүмүүс ч их олон бий. Тэд харин хэзээ ч буцааж өгч байгаагүй...
Тэднээс болж тэр минь нулимсгүй уйлж, маш ихээр зовж шаналж байгааг нь хараад би өрөвддөг хайрладаг. Тэрнийг минь одоо үед хэсэг бүлэг шунахай ховдог сэтгэлтэй хүмүүс зөвхөн мөнгө олох, баяжих хэрэгсэл болгон ашиглаж байгаад нь би их харамсч байна. Энэ бүхнээс болж сүүлийн үед тэр минь их зовж шаналж, надад бас бидэнд гомдох болсон. Гомдож шаналсандаа болоод дотроо маш их гансран уйлж байгааг нь мэддэг мэдэрдэг мөртлөө би тэрний төлөө одоо болтол юу ч хийж чадалгүй зүгээр л харан суусан хэвээр л байна. Тэрнээс би холдож чадахгүй...
Тэр минь ганцхан миний ч шүтээн биш, над шиг өөр олон хүмүүсийн шүтэх шүтээн, бахархах бахархал нь билээ. Тэрнийг минь хайрладаг, санагалздаг маш олон хүн дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Тэр бол миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг агуу түүхт миний ЭХ ОРОН МОНГОЛ минь билээ...