2010/04/17

Эх орноо хайрлах нь эцэг эхээ хайрлахаас улбаатай...

Би гэгч энэ хорвоод хүмүүний алтан төрлийг олж мэндлэхдээ эхийн хайр энэрэл шингэсэн ангир уургийг амталхаас урьтаж эх орныхоо ариун тунгалаг агаараар нь хамгийн түрүүнд ундаалсийм...Бага балчир наснаас өдий хүртэл ээж минь намайг хайр энхрийлэл дунд хүний дайтай хүн болгон хүмүүжүүлжээ...Хүн бүр л арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн ээждээ хайртай байдаг шиг эх орондоо ч мөн хайртай байдаг. Учир нь эхийн цагаан сүү, эх нутгийн агаар ус хоёроор өв тэгш ундаалж хүний зэрэгт хүрсэн болохоор тэр байх гэж боддог...Эх орноо хайрлахыг би зөвхөн Эх орондоо хайртай гэж хоосон ярихаас арай өөрөөр ойлгодог. Унасан газар угаасан усандаа эзэн шиг эзэн нь байж ширхэг чулуу, атга шороо, дов толгод, уул ус, урсах гол мөрөн, ундаалах рашаан булаг, ан амьтан бүгдийг нь хайрлан хамгаалахаас эхэлдэг байх гэж ойлгодог.

Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол

Эх орноо хайрлах нь юу л бол

гэж Очирбатын Дашбалбар агсан эцэг эхээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр хоёрыг энгийн үгээр гайхалтай сайхан зүйрлэн бичсэн байдаг билээ. Энэ бүхнээс ингээд харахад эх орноо хайрлах хайр нь яахын аргагүй эцэг эхээ хайрлах хайраас улбаатай гэдэг нь харагдаж байгаа юм.

Бага байхдаа ээжээсээ хэсэгхэн хугацаагаар холдоход л ээжийгээ үнэхээр их санадаг байж билээ. Одоо бодоход ээждээ ямар их хайртай яг тэр чинээгээрээ их санадаг байждээ...Харин сүүлд том болсон хойноо эрдмийн мөр хөөж нутгаасаа гараад эх орноо үнэхээр их санаж байснаа, хүний нутгаас эх орноо үнэхээр их хайрлаж байснаа тодхон санаж байна...Тэр л үед би эх орондоо ямар их хайртайгаа харь хол хүний нутагт байхдаа л хамгийн ихээр яс махандаа шингэтэл ойлгосон юм...Санана гэдгийг би хайрын илрэл гэдгийг тэгэхэд ухаарсан юм...

Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм гэсэн нэрт зохиолчийн агуу үгийг ХҮН БҮР СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ САНАЖ ЯВАГ...

2010/04/16

Тэр...

Тэр...Тэр намайг анх энэ орчлонд мэндэлснээс хойш надтай үргэлж хамт байж миний дэргэдээс алхам ч холдоогүй. Тэр миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг. Тэрэнд би хайртай...Тэр бол миний амьдралын хамгийн үнэтэй, юугаар ч сольшгүй, юугаар ч орлуулашгүй, юутай ч зүйрлүүлэшгүй энэ л биений минь хэсэг, эд эс, лугших судас, урсах цус, ундаалах ус, цээж дүүрэн амьсгалах агаар, бахархах бахархал, шүтэх шүтээн, амьдрах гэр, алдар нэр, дэлхий хаана ч явсан овоглох овог, омогших омог минь билээ. Тэр байхгүй бол би байхгүй, тэрэнгүйгээр би хэн ч биш. Тэр миний амьдралын бүх л зовлон жаргал, баяр гуниг, эрээн бараан, хатуу бэрх гээд амьдралын минь туршид хамт байсан, одоо ч байгаа, цаашид өнгөрүүлэх амьдралд минь ч хамт байна.
Тэр минь маш үзэсгэлэнтэй бас хэмжээлшгүй баян чинээлэг нэгэн...Тэрнийг минь дэндүү их баян чинээлэг гэдгийг нь хүн болгон мэддэг учир ашиг хонжоо хайсан дэвэн дэлхийн доншууч, тэнүүлч тонуулч, хулгайч нар болсон олз омог эрэлхийлэгчид ер тайван байлгахгүй зогсоо зайгүй эд хөрөнгөнөөс нь хумсалж авсаар байгаа. Авахдаа бас гуйж авдаг нэгэн байхад гуядаж авдаг, бүр хулгайлж авдаг хүмүүс ч их олон бий. Тэд харин хэзээ ч буцааж өгч байгаагүй...
Тэднээс болж тэр минь нулимсгүй уйлж, маш ихээр зовж шаналж байгааг нь хараад би өрөвддөг хайрладаг. Тэрнийг минь одоо үед хэсэг бүлэг шунахай ховдог сэтгэлтэй хүмүүс зөвхөн мөнгө олох, баяжих хэрэгсэл болгон ашиглаж байгаад нь би их харамсч байна. Энэ бүхнээс болж сүүлийн үед тэр минь их зовж шаналж, надад бас бидэнд гомдох болсон. Гомдож шаналсандаа болоод дотроо маш их гансран уйлж байгааг нь мэддэг мэдэрдэг мөртлөө би тэрний төлөө одоо болтол юу ч хийж чадалгүй зүгээр л харан суусан хэвээр л байна. Тэрнээс би холдож чадахгүй...
Тэр минь ганцхан миний ч шүтээн биш, над шиг өөр олон хүмүүсийн шүтэх шүтээн, бахархах бахархал нь билээ. Тэрнийг минь хайрладаг, санагалздаг маш олон хүн дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Тэр бол миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг агуу түүхт миний ЭХ ОРОН МОНГОЛ минь билээ...

2010/02/08

Монгол охид Ичиг ичиг

Хүн хүндээ итгэхээ больжээ. Хайраар биш шуналаар татагдах болжээ.Өөрийг нь биш мэргэжлийг нь сонгох болжээ. Өөрт нь биш ар гэрийнхэнд нь дурлах болжээ. Ухаанаар нь биш хувцасаар нь дүгнэх болжээ. Халамжийг нь биш машиныг нь үгүйлэх болжээ. Хайранд нь биш байранд нь уярах болжээ. Халуухан шөнийн хариуд халтар цаас хардаг болжээ. Үгүй ээ ... Амьдадаа бие биенээ хүний ёсоор хайрла хүмүүсээ.Өнөөдөр надад нэгэн найз маань үүнийг уншууллаа. Энийг уншаад миний дотор гал дүрэлзэх мэт халуун шатаж уур минь хүрч уушиг минь сагсайв. Бас л нөгөө урт үстэй ухаан богинотой тэнэг охидуудыг үзэн ядаж дургүй минь маш их хүрлээлдээ... Даанч дээ хайранч сайхан Монгол охид минь хайранч сайхан Монгол цус минь. Үнэхээр харамсалтай бас эмгэнэлтэй...Ер нь ганц энэ ч биш сүүлийн хэдэн жил Монгол охидын бузар явдлын талаар дэндүү их мэдээлэл зурагт радио гээд бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил тод цацагдах болжээ. 10н жилийн дунд ангийн охид биеэ үнэлж байгаад цагдаагийнханд баригдлаа, гадаадын иргэдтэй гэрлэх Монгол охидын тоо өслөө, гадны мөнгөтэй хөгшчүүдтэй явалдах, хамтран амьдрах нь ихэслээ, санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана, ямарч зүс царайг нь хараагүй солонгос хүнтэй гэрлэх гэж ярилцлаганд оржээ гэх мэт ичмээр ч юм шиг инээд хүрмээр ч юм шиг мэдээллүүд ихээр цацагдаж байх юмаа зайлуул. Нэг тохиолдлыг нь би бүүр өөрөө нүдээрээ харсан юм. Шар хадны автобусанд нэгэн хижээл насны солонгос эр 17-19 насны 6н Монгол охин дагуулцан орж ирээд их л маадгар зогсож байж билээ. Харин нөгөө хэд нь ичиж зовох гэдгээ даанч мартсан амьтад байсандаа. 4н охин нь надаас өндөр( миний өндөр 175) нөгөө 2нь яг над шиг. Үнэхээр хөөрхөн охидууд байж билээ. Тэр өмсч зүүсэн нь бол яавч өөрсдөө авхааргүй охид байналээ. Миний хамгийн сайн харсан хувцас нь бүгдээрээ ижилхэн asics фирмийн кетнүүд өмсчихсөн байсан. Тэд бүгдээрээ тэр хангүг эрийг багшаа гэж дуудаж байсан, тэгэхээр тэр хүн тэр охидод юу заадаг байж болох вэ? Гэхдээ багш хүн шавийнхаа бөгс бөөрийг ард нь суучаад оролдоод байсныг л би их гайхсан юм. Нөгөө сайхан Монгол бүсгүй хүний даруу төлөв цэвэр ичимтгий зан ааль гэж одоо үед даанч байхгүй болждээ хөөрхий...
Бузгай гоё хувцастай ч бузар муу явдалтай
Булай умдаг нь нойтонч янаг сэтгэл нь хуурай
Бурхан номонд сүсэггүй эрийн бэлгэнд сүсэгтэй
Нийт эхнэр хүний муу ёр мөн...гэж Говийн догшин хутагт Данзанравжаа Арга баширын орон хэмээх шүлгэндээ айлджээ. Аяа бас аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг ичиг Аяа бас нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг ичиг...